Монгол Улсын Усны Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Бадрахын “Мир Байкала” сэтгүүлд өгсөн ярилцлага

Хэвлэх

- Монголчуудын усанд хэрхэн ханддаг уламжлалт соёлын талаар яриагаа эхлэе?

- Монголчууд бол эртний түүхэн уламжлал, соёлтой, бусад үндэстнүүдийг бодвол төрт ёс эрт бэхжсэн ард түмэн. Ус гэдэг нь монгол хүний хувьд маш эрхэм зүйл. Нүүдэлчин соёл бол усаа дагаж бэлчээрээ сонгож явдаг өвөрмөц соёл юм. Бидний өвөг дээдэс устай холбоотой олон янзын хууль гаргаж ирсэн бөгөөд хуулийн гол баримтлал нь усыг хамгаалах, усыг бохирдуулахгүй байх гэсэн үзэл санаа байдаг. Нүүдэлчдийн усны менежмент гэж хэлвэл усыг хайрлахыг л гол үндэслэлээ болгож ирсэн байна. Жишээ болгож хэлэхэд, монголчууд сүүг эрхэмлэж, хамгийн ариун гэж тооцдог. Гэтэл усанд сүү дусаахыг хамгаас их цээрлэдэг ийм ард түмэн шүү дээ. Бодоод үз дээ. Сүү ариун атал түүнээс ч илүү усыг дээдэлж ирсэн байна. 13-р зууны үед л гэхэд булгийн эх дээр шээсэн хүнийг цаазаар авч байсан баримт байх жишээтэй. “Их засаг” хуульдаа бүр нарийн заагаад өгчихсөн, голын эх дээр малаа тахласан хүнийг тэдэн бодоор торгоно гэх зэргээр. Түүхийн сурвалж бичгүүд, эртний хууль цаазад заасныг харахад ихэвчлэн байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, түүн дотроо усыг чандмань эрдэнэ мэт хайрлаж дээдлэх үзэл нэвт шингээстэй байдаг. Усыг бохирдуулахгүй байх уламжлал өдийг хүртэл бидэнд өвлөгдөж ирсэн юм. Элдэв осол гэмтлээс аврагдсан хүнийг “Агаар амьсгалах азтай хүн” гэж хэлдэггүй биз дээ? “Ус уух хувьтай юм” гэлцдэг. “Ус бол чандмань эрдэнэ” хэмээн хорвоод олдошгүй ховор нандин эрдэнэтэй зүйрлэдэг. Энэ бол нүүдэлчдийн байгальтай харьцах хамгийн том соёлын энгийн нэгэн жишээ. Эдүгээг хүртэл бид энэ соёлоо уламжилж авч үлдээд, усыг дээдлээд л явж байна. Нүүдэлчин соёлтойгоос гадна Монгол орны газар нутаг бол байгалийн бүх бүс бүслүүрийн онцлогийг өөртөө шингээсэн өвөрмөц тогтоцтой. Хоёр туйлаас дотогш орших тайга, мөнх цас, ойт хээр, хээр, говь, цөл гээд бүгд манайд бий. Газарзүйн хувьд ийм онцлогтой учраас усны чанар, тархац өөр өөр байдаг юм.

- Монгол орны усны нөөц ямар байна вэ?

- Газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулвал усны хэмжээ багавтар. Газар нутгийн 70 орчим хувьд гадаргын ус байхгүй. Харин 30 гаруй хувьд нь хангалттай гадаргын ус бий. Тоогоор хэлвэл 605 км.куб усны нөөцтэй. Ашиглаж болох нь 35 км.куб. Дэлхийн хамгийн цэнгэг устай Байгаль нуурын гол тэжээл нь манайд оршиж байна. Тэр эх үүсвэрийн нэг Хөвсгөл нуур л гэхэд манай цэвэр усны 60 гаруй хувийг эзэлдэг. Ингэхээр усны нөөцийн хувьд гайхамшигтайд орно. Дэлхийн хэмжээнд энэ нөөцийг ярих ёстой. Байгаль нуурыг дэлхийн цэвэр усны том нөөцийн нэг гэж үзэх юм бол Хөвсгөл нуурыг, Монголын усны нөөцийг анхаарахаас өөр аргагүй юм.

- Усны нөөцийн салбарт үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа юу? Хэрэв хэрэгждэг бол хөтөлбөрийн зорилт, бодлого юу вэ? 

- 2010 онд Монгол Улсын Их хурлаар “Ус” үндэсний хөтөлбөр батлагдсан. Өмнө нь энэ хөтөлбөр Засгийн газрын хэмжээнд явж байсан. Усны менежмент манай оронд яаж явагдаж ирсэн бэ гэхээр, Ардын хувьсгалаас өмнө буюу 1921 оноос өмнө бол нүүдлийн менежментээр явж ирсэн. Энэ нь усаа хамгаалах, хайрлах, усаа дагаж нүүдэллэдэг ийм менежмент. Манай нийслэл л гэхэд 300 гаруй жилийн түүхэндээ ус голоо дагаж нүүдэллэсээр эцэст нь олон жил суурьшихад хамгийн бололцоотой гэж үзсэн Туулын хөндийдөө төвхнөсөн шүү дээ. Хувьсгалаас хойш суурин, үйлдвэржсэн тэс өөр ахуй руу ороод ирэхээрээ хэрэглээний менежмент рүү орж эхэлсэн. Өөрөөр хэлвэл усны эх үүсвэрээ дагаж нүүх биш, эхлээд суурьших газраа сонгоод дараа нь усаа хайж гаргадаг ийм л хэрэглээний менежментэд шилжсэн байдаг. 2004 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталснаар усны шинэ менежментийг зарласан. Энэ бол дэлхий нийтийн жишигтэй нийцсэн усны нөөцийн менежмент юм. Нөөц ямар байна, хэрэглээ тийм байна, мөн түүнтэй адил хамгаалалт хийгдэж байх ёстой гэсэн менежмент. Энэ менежментийн дагуу “Ус” үндэсний хөтөлбөр маань хэрэгжиж байна. 2021 он хүртэл энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Засгийн газраас он оноор нь задалж өгсөн. Хариуцах эзэн, гарах зардлыг ч тусгасан байгаа. Өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд устай холбогдсон хуулиудаа багцаар нь шинэчиллээ. 2004 оны хуульд тусгагдаагүй шинэ үзэл баримтлал, үзэл санааг энэ багц шинэчлэлдээ тусгаж өгсөн. Хамгийн гол нь усыг өөрийнх нь байгалийн сав газрын зүй тогтлоор нь ашиглах. Манайд бүрэлдэж байгаа усны нөөцийн эх үүсвэр гурван том ай сав руу гарч байдаг онцлогтой. Үүнд: Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн гадагш урсацгүй ай сав орно. Зүйрлээд хэлэхэд, нэг дусал ус гурван өөр зүгт явж байна гэсэн үг шүү дээ. Дотроо бас сайхан гол мөрнүүдтэй, тэдгээрийн ай сав байна. Газрын доорх усны ай савууд байна. Үүнийг олон жилийн туршид Монголын эрдэмтэд, мэргэжилтнүүд судалж, зөвхөн усны зүй тогтол талаас төдийгүй нийгэм, эдийн засаг, Монгол улсын цаашдын хөгжил, ирээдүйн бодлоготой холбогдуулж 29 сав газраа тогтоосон байгаа. Тэгэхээр шинэ хуулийн үндсэн тогтолцоо нь сав газрын менежментээр явна. Гадаргын усны том сүлжээ бүхий Сэлэнгийн ай савыг Алтайн Өвөр говьтой харьцуулъя. Алтайн өвөр говьд тэр их усны тухай ямар ч ойлголт байхгүй. Ингэхээр менежмент нь сав газар тус бүр дээр онцлог байх юм. Тал хээрт л гэхэд газрын доорх усны ай саваар менежмент хийгдэнэ гэсэн үг. Ийнхүү сав газрын менежментийг хуульчлаад, сав газрын захиргаадыг байгуулж байгаа нь нэгдүгээр өөрчлөлт. Хоёрдугаарт, ус бохирдуулсны төлбөр төлдөг болж байна. Өмнө нь ийм хариуцлага тооцдоггүй байсан. Ийм учраас усны салбарын тухай хууль тогтоомж хангалттайгаар бүрдсэн гэж үзэж болно.

- Ямар тулгамдсан асуудал байгаа бол?

- Үнэндээ хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлт санаанд хүрэхгүй байна. Манай хороо уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэгтэйгээр сая шинээр зохион байгуулагдлаа. Салбар дундын уялдааг хангах тал дээр ажиллаж байна. Цаашид хөтөлбөрийн биелэлт сайжрах байх гэж найдаж байна. Хөтөлбөрийн гол агуулга юунд оршиж байна вэ гэдэг дээр ярья. Монгол орон гэхээр л байгалийн унаган төрхөөрөө байгаа юм, хэдэн малтай нүүдэллээд явдаг гэж харж болохгүй л дээ. Манай улс хамгийн хурдацтай хөгжиж байна. Сүүлийн хоёр жилд гэхэд эдийн засгийн хөгжлийн хурдаар дэлхийд тэргүүн эгнээнд явна. Цаашилбал Монголыг гүйцэх улс орон харагдахгүй байна гээд байна шүү дээ. Дотроо бол бид асар их хөгжиж байна. Хөгжихийн хэрээр усаа хэрэглэдэг, ус нь бохирддог үзэгдэл ихэснэ. Усны хэрэглээ хөгжлөө дагаж нэмэгдэх нь зүй ёсны асуудал юм. Гол нь шинэ хэрэглээгээ дагаад усаа ухаалаг ашиглах, бохирдуулахгүй байх, арвилан хэмнэх нь л чухал.

- Уул уурхайн салбарын хөгжил хүчээ авч байна. Мэдээж энэ салбарыг усгүйгээр төсөөлөх аргагүй. Уул уурхайн хөгжил усны нөөцөд сөргөөр нөлөөлөх үү? 

- Уул уурхай гээд эдийн засгийн хөгжлийг бид яриад байна. Аливаа улс орон хөгжлийн бодлогоо тодорхойлж явдаг. Бидний хөгжлийн өнөөгийн боломжтой гарц бол уул уурхай байна. Уул уурхайд ус зайлшгүй хэрэгтэй. Огт усгүй хуурай технологи алга. Ямар нэгэн хэмжээгээр л ус хэрэглэж байна. Уул уурхай бол тал хээр, говийн бүсэд буюу гадаргын усгүй бүсэд ихэвчлэн хөгжиж байна. Байгалийн зүй тогтол тийм юм. Усаа л зүй зохистой ашиглах ёстой. Энэ тал дээр манай усны бодлого алдагдчихаагүй байна. Анхнаас нь уул уурхайн компаниудад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үнэлгээг батлахдаа хатуу шаардлага тавьж, усыг яаж ашиглах, хэмнэх, дахин ашиглах вэ гэдэг дээр хянаж байна. Үүний томоохон жишээ гэвэл, “Энержи ресурс” ХХК байна. Нүүрсээ баяжуулж усаар угааж байна, тэнд хот суурин босч байна. Усны хэрэглээ тэнд асар их байгаа. Эднийх усаа 95% эргүүлж ашигладаг. Жил гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч очиж танилцсан. Дараа нь Байгаль орчны сайд танилцсан. Говийн газрын доорх уснаас ашиглаж байгаа юм. Нөөц маш хомс шүү дээ. Нэг авсан усаа 95%-д нь эргүүлж ашиглаж байна гэдэг бол дэлхийд нилээд том үзүүлэлт. Одоо үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа Оюутолгойд л гэхэд бид усыг дахин ашиглах хувийг 80-аас дээш гаргах шаардлага тавьж байна. Ингэхгүй л бол одоогийн судлагдсан ордуудын хэмжээнд ашиглах усны нөөц байхгүй. Зөв технологийг хослуулах шаардлагыг бид заавал тавина. Усыг эргүүлж ашиглаад байгальд хаяхдаа мөн стандарт мөрдөх ёстой. Олон стандарт гаргасан. Уул уурхайн компани төдийгүй зам дагаад нээгдэж байгаа хоолны газрууд ч мөрдөнө. Төлөвлөлтгүй баригдаж байгаа жижиг хоолны газрууд л гэхэд усаа зөөдөг, усны үнэ ямар ч зохицуулалт хяналтгүй байдаг, бохирдсон усаа яах вэ гэхчлэн асуудлууд урган гарч ирж байна. Энэ болгон дээр стандарт гаргасан. Стандартаа бид хатуу мөрдөж ажиллана. Усны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг том утгаар нь харвал зөв менежмент рүү явж байна. Мэдээж таслаад харвал учир дутагдалтай зүйлс бий.   

- Ус гээд ярихаар зөвхөн нэг улс, эсвэл дан нэг тивийн асуудал биш. Хоёр хөрштэйгөө хилийн усны асуудлаар ямар харилцаатай байдаг вэ? ОХУ-аас эхлэе. Монгол улс ОХУ-ын хооронд 1995 онд усны асуудлаар зөвшилцөл хийгдсэн байдаг. Одоо ямар байдалтай байна вэ?

- Тийм ээ. Ус өөрөө дэлхийнх юм. Эргэж байдаг учраас, тийм ээ? Манай улс хоёр том хөрштэйгөө олон мянган км нутгаар хиллэж байна. 100 гаруй км усан хилээр бас хиллэдэг. Улсын хил дархан байх ёстой. Хил хөдөлгөөнгүй байх ёстой. Гэтэл усан хил маань хүний хүссэнээр хөдөлгөөнгүй байхгүй. Ингэхээр хилийн усны хамтын ажиллагаа маш чухал, мэргэжлийн өндөр түвшинд байх ёстой. Бид БНХАУ, ОХУ-ын Засгийн газруудтай тус тусад нь хилийн усыг ашиглах, хамгаалах хэлэлцээртэй. ОХУ болон МУ-ын бүрэн эрхтийн хэмжээнд Засгийн газар хоорондын хамтарсан комисс жил бүр зөвлөгөөн хийдэг юм. Өнгөрсөн намар л гэхэд Улаан-Үдэд зөвлөлдлөө. БНХАУ-ын хувьд ч мөн адил Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2 жил тутамд зөвлөлдөн ажиллаж байна. Хоёр хөрштэй хийх харилцан хэлэлцээрүүд бол мэдээж тухайн хил дамнасан хилийн усны онцлогтой холбогдуулан өөр өөр байдаг. ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд олон жилийн туршид хамтарч үр дүнтэй ажиллаж байна. Би өөрөө МУ-ын Засгийн газрын бүрэн эрхтийн орлогч. Бүрэн эрхтийн зөвлөгөөнүүдийн дундуур тогтмол ажилладаг Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн Монголын хэсгийг мөн удирдаж ажилладаг. Сүүлийн 8 жилийн туршид  энэ асуудлыг хариуцаж байна. Манай хоёр орны усны салбарын мэргэжилтнүүд сэтгэл нийлж ажиллаж байгаа. Усны үерээс урьдчилан сэргийлэх, хоорондоо мэдээлэл солилцох, усны чанарын мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг олон нийт ойлгохгүй байж болно. Байнга л нэг юмаа яриад байдаг гэж бодож магадгүй юм. Тийм биш. Оросын тал гэхэд “цаг тухайд нь үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлсэн” гэж өнгөрсөн жил бидэнд талархлаа илэрхийлсэн. Улаан-Үд хот Сэлэнгийн адагт байрладаг, үер, усны бохирдол зэрэгт өртөх асар эрсдэлтэй хот. Ингэхээр хоёр талын хамтын ажиллагаа маань хэлэлцээрийн дагуу, уламжлалт найрсаг харилцаагаа хадгалсан, дээр нь мэргэжлийн өндөр түвшинд ойлголцсон байдлаар хэрэгжиж байна. Их сайн хэрэгжиж байгаа гэж хэлэх байна. Ганцхан Сэлэнгэ биш, бусад олон газарт бид усаар хиллэдэг.  

- Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц барих тухай саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яригдсан. Энэ төслийн эрсдэл болон ирээдүйн үр ашгийг хэрхэн дүгнэх вэ?

- Сэлэнгэ гол дээр усан цахилгаан барихаас гадна Орхон гол дээр бас цогцолбор барих тухай яригдаж байгаа. Өнгөрсөн жил Улаан-Үд хотноо явагдсан бүрэн эрхтийн 12-р зөвлөгөөн дээр зарим сурвалжлагчид энэ талаар сонирхож байсан. Бид бол мэргэжлийн инженер хүмүүс. Төсөл боловсруулж байгаа хүмүүс бол мэргэжлийн инженерүүд шүү дээ. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Ихэнх нь орос школтой инженерүүд байдаг гэдгийг бас дашрамд хэлье. Бүх эрсдэл, болзошгүй хор хохирлыг тооцож байгаа шүү дээ. Монгол орон хөгжиж байна. Усаа хэрэглэхээс өөр арга байхгүй. Монгол бол өдийг хүртэл ашиглаж болох боломжтой усны нөөцийнхөө 1 хувийг ч ашиглаж чадахгүй байна. Уул уурхай хөгжөөд хөгжөөд энэ шүү. Гэтэл дэлхийн ихэнх улсууд ашиглах боломжтой усныхаа нөөцийн 50-60 хувийг дунджаар хэрэглэж байна. Тэгэхээр бид ердийн хөгжилтэй орнуудаас 50-60 дахин бага ус хэрэглэж байна гэсэн үг. Би бусад нөөцийг яриагүй, хэрэглэх боломжтой усны нөөцийг энд ярьж байгаа юм. Энэ боломжит нөөцийнхөө 50 хувийг ашиглана гэвэл бидний хувьд маш хол сонсогдож байна. Мэргэжлийн хүн тоо баримт татаж хэлэхээр хүмүүс ойлгодог. Монголын усны хэрэглээ асар бага. Орхон, Сэлэнгэ дээр гидротехникийн байгууламж хэдий баригдлаа ч Монголын талаас хэрэглээнд нөлөөлөөд байх зүйл байхгүй. Ирээдүйн ирээдүйд гэж яривал өөр болно байх. “Сэлэнгэд усан цахилгаан станц баривал Байгаль нуурт цохилт болно. Хор хохирол авчирна” гэсэн ийм гутранги үзэл гаргах үндэслэл байхгүй. Цаана нь мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. “Мир Байкала” сэтгүүлийн уншигчид, төрийн бус байгууллагын зарим хүмүүс унших учраас би үүнийг онцолж хэлж байна. Эхлээд урсацаа тохируулах экологийн ажил хийгдэж байгаа. Түүнээс биш юу юугүй усан цахилгаан станц бариад, далан татаж говь руу ус оруулах гээд байгаа зүйл байхгүй. Манай орны хувьд голуудын сав газруудад хуурайшилт асар хурдан явагдаж байна. Харсаар байтал нүдэн дээр Туул тасраад явчихдаг шүү дээ, та бид мэднэ. Үерийн гамшиг л гэхэд нүд ирмэх зуур хамаг юм түйвээгээд хаячихдаг. Энэ байгалийн гамшгийн хор хохирлыг нь багасгахын тулд ажиллаж байдаг мэргэжлийн хүмүүс байна. Орхон, Сэлэнгийн сав газарт үүсдэг гамшигт байдлыг зөөлрүүлэх гол экологийн бодлогыг бид юуны түрүүнд баримталж байгаа юм. Хоёр улсын хилийн усны хэлэлцээрийн зарчимд нийцсэн, дээр нь Байгаль нуурын тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой ийм л ажил юм. Энэ талаас нь харах хэрэгтэй. Түрүүлээд сөрөг мэдээллүүд явдаг, мэргэжлийн бус хүмүүс ойлгоход бэрх, угаасаа хүн ирээдүйдээ болгоомжтой ханддаг зантай учраас эмээж болгоомжлох нь зүйн хэрэг гэдгийг сайн ойлгож байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нуурынхаа төлөө санаа зовних нь мэдээж шүү дээ. Гэхдээ сав газрынхаа хэмжээнд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нэг номерын хүчин зүйл. Хоёрдугаарт, температурын өөрчлөлт, хур тунадасны багасалтаас шалтгаалсан хуурайшилт явагдаж байгаатай бид тэмцэх ёстой. Дэлхийн хойд бүсийн их мөрнүүд, далай тэнгисийн ай сав бүрдэж байгаа эх ундарга нь Монгол орон. Тиймээс манайд явагдаж байгаа хуурайшилт бол маш сөрөг нөлөөтэй. Газарзүйн онцлог бүсэд оршдог орны хувьд хуурайшилт илт мэдэгдэхүйц ажиглагдаж байна. Улаан-Үдэд сууж байгаа хүнд бол энэ байгалийн өөрчлөлт төдийлөн мэдрэгдэхгүй, үнэхээр мэдрэгдэхгүй. Манай говьд биш, хангайд биш, харин тал хээр бүсэд ирээд үзээч ээ гэж хэлмээр байгаа юм. Нүдэн дээр хуурайшиж байна. Алагласан цэцэг навч, адуу мал бэлчдэг ногоон тал одоо байхгүй. Үүнийг дагаад ургамлын төрөл зүйл, ан амьтан үгүй болж байна. Байгалийн өөрчлөлт манай оронд илүү тусч байгаа. Харин ай савын хувьд доор амьдарч байгаа хүмүүст бол мэдрэгдэхгүй. Өдөр ирэх тутам хуурайшилт нэмэгдэж байгааг нүдээрээ харж байгаа бид үүнээс хамгаалах арга технологио бодож эхлэхээс өөр аргагүй. Гидротехникийн ажлууд нэг гарц болж байна. Ганцхан Сэлэнгийн Шүрэнгийн усан цахилгаан станц биш, Орхоны ганц цогцолбор барих ажил ч биш, бидэнд их олон ажил бий. Энэ бүх гидротехникийн ажлуудын төсөл, төсөөллийг хуучнаар зөвлөлтийн сургагч инженерүүд голлож хийсэн байдаг. Тэр үеийн инженерүүд ирээдүйг харж чадсан байна л даа. Үндсэндээ тэдний төслийн дагуу, орчин үеийн нөхцөл байдалтай уялдуулж бид ийм шийдэл гаргаж төслөө боловсруулсан. Гуравдугаар асуудал гэвэл, бүс нутгуудаа хөгжүүлэх хэрэгтэй. Гол мөрнүүдийн урсацын тохируулгыг зайлшгүй хийх ёстой. Түүнээс биш говь руу ус татах асуудал огт яригдаагүй байгаа. Монгол орны гол мөрний урсацыг барьж байгаа хамгийн гол байгалийн хүчин зүйл бол мөнх цэвдэг. Цэвдгийн тухай яривал биднээс хойд бүслүүрт амьдардаг хүмүүс ойлгоно. Дэлхийг хуурайшилтаас сэргийлэн барьж байдаг мөнх цэвдгийн хамгийн урд цэг нь Монголд байдаг ийм онцлогтой. Гэтэл мөнх цэвдэг, мөнх цас, мөсөн голын хайлалт манай орны газар нутагт хамгийн эрчимтэй явагдаж, илт мэдрэгдэж байна. Хойд бүслүүрт төдийлөн мэдрэгдэхгүй л байгаа шүү дээ, үнэндээ. Тэгэхээр эхлээд энэхүү байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас бид урьдчилан сэргийлэх ёстой. Үүний тулд инженерийн бүтээн байгуулалтууд зайлшгүй шаардлагатай. Харин Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх асуудлууд бол үүний дараа тавигдаж байгаа. Монголын хөдөө нутагт, сумын төвд гэхэд нэг хүн 6-10 литр ус өдөрт зарцуулж амьдарч байна. Улаан-Үдэд нэг хүнд 6-10 литр ус нэг өдөрт өгөөд үз. 6 литр усаар гар нүүрээ л угаана, үнэн шүү. Гэтэл монгол хүн байгалиа хамгаалъя гэж өдөрт 6 литр усаар ундны усаа болгоод, хувцсаа угаагаад, бүх хэрэгцээгээ хангаад амьдарч байна. 21-р зуунд шүү дээ! Энэ өөрөө их утгагүй асуудал. Тэднийгээ бид хөдөөний хүн гээд, нүүдэлчин хүн гээд энэ чигээр нь орхиж болохгүй. Монгол орны хаана ч гар утасны сүлжээ барьж байна, интернэтэд холбогдож болж байна, дэлхий нийтэд юу өрнөж байгааг цаг тухайд нь олоод мэдчихэж чадаж байна. Харин усны хүртээмж үнэхээр хангалтгүй байгаа. Ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг хангах, цаашлаад нийгмийн хэрэгцээг хангах асуудал байна аа даа? Ингээд эрэмбэлээд явбал хамгийн эцэст нь аж үйлдвэрийн хөгжлийг ярина. Монгол орон зөвхөн малын бүтээгдэхүүнээр хөгжинө гэж байхгүй. Тэгээд ч хойд урд хоёр хөрш маань хатуу хязгаартай. Мах байлаа гээд Монголоос махыг нь авахгүй гэдэг. Ийм хязгаартай учраас манайд уул уурхайн салбар хүссэн хүсээгүй хөгжих болж байна. Зөвхөн уул уурхай ч биш, олон хот тосгод байгуулагдах гэж байна, аялал жуулчлалын салбар шургуу хөгжиж байна. Тэр тусмаа Сэлэнгийн сав газарт их хөгжиж байна. Энэ бидэнд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Бид загас сонирхдоггүй л байсан. Гэтэл одоо загас үржүүлгийн газар бий болчихсон байна. Үгүй ядахад тал хээрийн монголчууд завин дээр сууж үзэг л дээ. Яахаараа тэнд Байгаль нуурын эрэг дээр байгаа хүмүүс нь завиар зугаалж дандаа усанд орж байдаг, энд Монголын говьд байгаа хүн завь гэдгийг мэдэх ч үгүй суух ёстой юм бэ? Тийм биз дээ? /инээв. Сурв./ Байгаль нууранд санаа зовж байгааг сайн ойлгож байна. Гэхдээ Монгол нутагт нэг ирээд үзээсэй, болж өгвөл түр хугацаагаар амьдраад үзээсэй гэж ялангуяа сэтгүүлчдээс хүсч байна. Өдөрт 6 литр усаар яаж амьдарч болдогийг харах бас сонин байна байх. Эхлээд байгаль экологи, дараа нь хүнийхээ нийгэм, эдийн засгийн асуудал, эцэст нь аж үйлдвэрийн гэсэн ийм эрэмбээр бидний асуудал яригдаж байгаа. Ийм л учиртай юм. Аль болох энгийн талаас нь, ойлгомжтой байдлаар уншигчдад хүргэх хэрэгтэй. Түүнээс биш “нөгөө монголчууд чинь Сэлэнгэ мөрнийг трубагаар татаад аваад явчих нь” гэж ойлгож болохгүй. Тэгж эсрэг сөрөг юм ярьж ойлгуулдаг хэсэг бүлэг хүмүүс зөвхөн усны ч биш, салбар бүрт л байдаг. Хүссэн хүсээгүй бид өөрийнхөө нутгаас ашиглах хэмжээгээр усаа ашиглах л болно. Анхнаасаа 2004 онд Усны тухай хуулийг шинэчилж батлахдаа усыг зүй зохистой ашиглах гол асуудлыг л мөрдлөг болгосон. Улам боловсронгуй болгохын тулд ажиллаж байна. Оросын уншигчдад мэдээлэл өгөх үүднээс ярихад, “Хэрлэн - Говь” нэртэй төсөл хэрэгжиж байхад мөн л ялгаагүй ийм асуудал яригдаж байсан. Хэрлэн голыг суваг татаад говь руугаа урсгах нь гээд л. Бас нэг том хөрш болох хятадууд санаа зовж л байсан. Тийм санаа зовоох асуудал гараагүй шүү дээ. Би хувийн зүгээс нэмж хэлэх нэг зүйл байна. Зөвхөн голын эх дээр нь байгаа хүмүүс усны төлөө санаа зовох ёстой биш. Нэг голын хэмжээндээ л бид орос ч бай, монгол ч бай нэг устай хүмүүс юм. Үүнийг хилийн усны салбарт хамтарч ажилладаг мэргэжил нэгт орос нөхөд маань маш сайн ойлгодог. Улаан-Үдэд амьдарч байгаа хүн, Өвөрхангайн Хархоринд амьдарч байгаа хүн хоёр яг адилхан Сэлэнгэ мөрний тухай санаа зовох ёстой. Адилхан хариуцлага үүрэх ёстой байхгүй юу. Түүнээс биш зөвхөн эх дээр нь байгаа Хархорины нөхрийг шүүмжлээд сууж болохгүй. Нөгөө талаас “Улаан-Үдэд очиж байгаа усны бохирдол Хархоринд суугаа надад хамаагүй” гээд сууж бас л болохгүй. Яг адилхан хариуцлага үүрч байж энэ устай холбоотой бүх асуудал зүй зохистой болох ёстой. Нэг жишээ хэлье. Уржнан жил Орхон голыг маш үертэй байх үед нь нэг удаа шинжилгээ аваад “Монгол орон Байгаль нуурыг бохирдуулж байна” гээд л Риа новости-д бил үү, Оросын том сайтууд дээр тавьчихаж байгаа юм. Ингэж болохгүй. Гэтэл бид үүнийг зүй тогтолтойгоор, жилийн дундаж үзүүлэлтээр авч үздэг. Үүнийг бол Оросын  мэргэжлийн байгууллагууд ойлгоно. Зүгээр нэг сенсааци тарих гэдэг үүднээс хандаж огт болохгүй. Тэр улс төр ч юм уу, бусад зүйл дээр бол хамаагүй хандаж болдог байж магадгүй. Усан дээр бол ингэж хандах нь эрсдэлтэй. Ус бол амьдралын үндэс учраас сенсааци хэрэггүй.

- Оросын хил орчмын газар нутаг Монголоос нам дор оршдог. Харин Монгол орон Хятадаас нам дор газар оршдог учраас Хятадаас Монгол руу, Монголоос Орос руу гол мөрөн урсаж орж ирдэг. Урд хөрштэйгөө хилийн усны асуудлаа яаж зохицуулдаг вэ?

- Урд хөршөөс томоохон Халх гол орж ирж байна. Манай Буйр нуурын үндсэн тэжээл. Буйр нуур бол бас л хил дундынх. Талбайн хэмжээний 91 хувь нь Монголын газар нутагт, үлдсэн хэсэг нь БНХАУ-ын газар нутагт орно. Урд хөршийн мэргэжилтнүүдтэй маш сайн хамтарч ажилладаг. Засгийн газар хоорондын комисс 2 жил тутамд нэг хуралддаг гэж би дээр хэлсэн. Энэ 2 жилийн хооронд хамтарсан шинжээчдийн баг ажиллаж байдаг. Энэ хамтарсан шинжээчдийн багийн доор нарийвчилсан ажлын хэсгүүд буюу жишээ нь, зөвхөн Буйр нуураар дагнасан ажлын хэсэг гэх зэргээр ажилладаг. Мөн л хэлэлцээрт заагдсаны дагуу усны чанар, байх ёстой түвшин, урсац зэргийг хянана.

- Монгол орны усны нөөцийн ирээдүйг хэрхэн харж байна вэ? Хөрш орнуудтай усны асуудлаар харилцах хамтын ажиллагааны хэтийн төлөвлөгөөний талаар? 

- Хувь хүнийхээ хувьд хэлэхэд манай урд хөрш илүү хариуцлагатай ханддаг. Учир нь бидний хооронд арга барил, норм нормативын ялгаа бий. Оростой бол бидэнд асуудал алга. Яагаад гэвэл мэргэжлийн хүмүүс маань оросоор ярьдаг, бүх параметр, өгөгдлүүд нь нэг адил байдаг. Технологийн хувьд ч адилхан. Техник тал дээр бид улам л зохицож ажиллаж байна. Шинэ шинэ технологиудыг хамтарч ашиглах хэрэгтэй. Ойрын үед хэрэгжүүлэх нэг ажил гэвэл Цөх гол байна. Оросоор Чикой гэдэг. Цөх гол дээр бид хамтарсан судалгаа хийж эхэлж байгаа бөгөөд технологийн хувьд шинэчлэлт хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хилийн усны томоохон голуудын ихэнх нь манай газар нутагт дархан цаазтай газарт ордог. Дээр нь “урт нэртэй хууль”-иар ашигт малтмалын олборлолт хийхийг хорьсон байгаа. Энэ бол бидний ус хамгааллын салбарт сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт. “Урт нэртэй хууль” гэж Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль юм. Ийм учраас сансрын технологи гэх зэрэг шинэ технологи зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Уламжлалт харилцаагаа хадгалж, улам сайжруулах хэрэгтэй. Бид нэг л голын хүүхдүүд. Нэг л голоо даган амьдарч, нэг л голдоо шингэх хүмүүс шүү дээ. Тийм учраас хамтын тэгш харилцаа маань улам л хөгжиж байх ёстой. Дээр дурдсан “урт нэртэй” гэгддэг хуулиар бид томоохон алхам хийсэн. Нийт газар нутгийнхаа 19 орчим хувь дээр бид бүх лицензийг цуцаллаа. 40 гаруй мянган хүн ажлын байргүй болсон гэсэн судалгаа гарсан. Монголд бол энэ маш том тоо. Тэдний ард хэдэн мянган хүний амьдрал бий. Гэхдээ бид үүнийг эс харгалзаж, байгалиа хамгаалж үлдэхийн төлөө хуулиа гаргаж хэрэгжүүлсэн. Ингэж бид дэлхий нийтийн байгаль хамгаалах үйл хэрэгт том хувь нэмэр оруулсан гэдгийг дурьдах хэрэгтэй гэж бодож байна.

- Сүүлийн асуултыг танд үлдээе.

- Хоёр орны ард түмэнтэй бид мөнхийн хөрш. НҮБ-аас 2013 оныг “Усны хамтын ажиллагааны жил” болгон зарласантай холбогдуулж олон ажил хийхээр төлөвлөсөн. Зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хүрээнд биш, зөвхөн Засгийн газар хоорондын хамтарсан комиссууд төдий биш, харин хилийн ойр орчмын орон нутгийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд, хувь хүмүүс, сургуулийн хүүхдүүд ч хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Хятадын усны салбартай хамтарч ажиллахад тохиолддог сониноосоо хуваалцахад, Буйр нуурын тул загас Монголын “Улаан ном”-д бичигдсэн байхад Хятадад бол “Улаан ном”-д байхгүй. Мөн Буйр нуурын ургамал, усны амьтны төрөл зүйлийн дийлэнх нь манай “Улаан ном”-д ордог. Гэтэл Хятадад бүр нарийн чамин зууш болох жишээтэй. Хоёр орны ард түмний соёл тэс өөр. Жишээ нь энэ талаар хоёр орны хүүхдүүд бие биедээ яагаад сонирхуулж болохгүй гэж? Монгол хүн загастай их болгоомжтой харьцдаг шүү дээ. Лусын амьтнаар оролддоггүй ардын уламжлал ч бий. Харин Улаан-Үдийнхний хоолонд загас бол гол бүтээгдэхүүн. Үүнийг хүүхдүүд харилцан сонирхож болно шүү дээ. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч түлхүү оролцоосой. Нэгэнт НҮБ-аас зарласан жилийг олон нийтээрээ дэмжиж оролцвол илүү үр дүнтэй болно. Мөн “Мир Байкала” сэтгүүлийн хамт олонд хандаж хэлэхэд, сэтгүүлийнхээ хүртээмжийг дээшлүүлж, Монголын уншигчдад хүргээсэй гэж хүсч байна. Байгаль нуурын нерп гэхэд л Монголд мэдэх хүн ховор. Усны жилийн хамтын ажиллагааны хүрээнд нэг устай ард түмнүүдийн хамтын ажиллагаа улам сайн хөгжөөсэй гэж хэлэх байна.                                       

- Танд баярлалаа.           

 

Ярилцсан Д.Оюунгэрэл